АДБ-ийн Хан Хэнтий чуулга нь албан хаагчдынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний соёл, стандартыг хэвшүүлэх зорилгоор “сургалтын хөтөлбөр”-өө баталсан. Үүний хүрээнд өнөөдөр “Хувь Хүний Хөгжлийн Институт” НҮТББ-ын гүйцэтгэх захирал лектор, сургагч багш Д.Мягмардоржийг урьж үдийн өмнө удирдах ажилтнууд болон байгууллагын менежерүүдэд “Үр дүнтэй манлайлал” сэдвээр сургалт хийсэн бол үдийн дараа нийт албан хаагчдад “Байгууллагын уур амьсгал ба ухаалаг харилцаа, үйлчилгээ стандарт”-ын чиглэлээр тус тус сургалт хийж байна.
Д.Мягмардорж багшийн хувьд хэл шинжээч, Нийгмийн удирдлагын Магистр, АНУ-ын БИЛД сургуулийн докторантур, илтгэх урлагийн чиглэлээр 10 гаруй жил ажилласан туршлагатай. Мөн “Үр дүнд суурилсан-Цогц хөгжил” хөтөлбөрийн санаачлагч тус хөтөлбөрийн лектор сургагч багшаар ажилладаг. Монгол орны 21 аймагт болон 200 гаруй сумын иргэд, ААН, төрийн байгууллагуудад цогц хөгжлийн сургалтуудаа зохион байгуулж байжээ.
Энэ удаагийн сургалтад Хан Хэнтий чуулгын албан хаагчдаас гадна Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын ажилтнууд хамрагдлаа.


